Өндгөвчинд янз бүрийн гарал, бүтэцтэй үүсгэвэрүүд байх ба энэ нь эмэгтэйчүүдийн эмгэгийн 8-19 % -ийг эзэлнэ. Өндгөвчийн уйланхай аль ч насны эмэгтэйд тохиолдож болно. Үүний дотроос өндгөвчийн үйл ажиллагааны гаралтай уйланхай элбэг юм.
ШАЛТГААН:
1. Стресс
2. Дааврын хямрал
3. Үр хөндөлт
4. Үрэвсэл
5. Тамхи татах
6. Таргалалт
7. Цэвэршилт хожуу явагдах
АНГИЛАЛ:
1. Үйл ажиллагааны уйланхай
• Фолликулын уйланхай
• Шар биеийн уйланхай
2. Дермоид уйланхай
3. Эндометроид уйланхай
4. Өндгөвчний хавдар
5. Өндгөвчний олон уйланхайжих хам шинж
Өндгөвчийн фолликулын уйланхай:
Сар болгон эмэгтэйн аль нэг өндгөвчинд уйланхай үүсэх ба сарын тэмдгийн мөчлөгийн дунд үед хагарч өндгөн эс боловсрон гардаг. Өндгөвчийн энэ үйл ажиллагаа алдагдсантай холбоотой уйланхай хагаралгүй хадгалагдан дотор нь шингэн хуримтлагдан томорч нэг хөндийтэй үүсгэвэр үүсдэг. Үүнийг фолликулын уйланхай гэдэг. фолликулын уйланхай нь өндгөвчийн бүх уйланхайн 83 % -ийг эзлэх ба ураг нярай, аль ч насны эмэгтэйд тохиолдоно. Уйланхай хэмжээгээрээ 2.5-8 см, гөлгөр нимгэн ханатай, нэг хөндийтэй дугуй хэлбэртэй байна. Фолликулын уйланхай нь аяндаа шимэгдэх бөгөөд биений юмны нэг мөчлөгийг хугацаанд 25,9%, 2 мөчлөгийн хугацаанд 33,4% , 3 мөчлөгийн хугацаанд 40,7% шимэгдэж хэвийн байдалдаа ордог.
Шинж тэмдэг:
Зовиур багатай хаяа зөвхөн өвдөлт өгөх ба сарын тэмдэг алдагдаж болно.
Хүндрэл:
Уйланхай хөл дээрээ мушгирах: Энэ үед гэнэт хэвлийн доогуур огцом өвдөх, бөөлжих, дотор муухайрах шинж илрэх ба зайлшгүй мэс заслын эмчилгээ шаардана.
Бүрхүүл нь хагарах
Хананд нь цус харвах
Сарын тэмдэг алдагдах
Өндгөвчийн шар биеийн уйланхай:
Энэ нь өндгөвчнөөс өндгөн эс гадагшилсаны дараа фолликулын уйланхайн хөндийд цусны эргэлт алдагдсантай холбоотой цус, шингэн хуримтлагдахыг хэлнэ. Өндгөвчийн бүх уйланхайн 5 % -ийг эзлэнэ. Ихэвчлэн нөхөн үржихүйн насанд тохиолдоно. Шар биеийн уйланхай хэмжээгээрээ 3-8 см, зузаавтар ханатай, ихэвчлэн цусархаг шингэн агуулсан, доторх агууламж нь нэг төрлийн бус байна.
Шинж тэмдэг:
Зовиур багатай хэвлийн доод хэсгээр өвдөж болно. Сарын тэмдэгийн 1-3 мөчлөгийн явцад өөрөө аяндаа шимэгдэх тул мэс заслын эмчилгээ шаардлаггүй.
Өндгөвчийн эндометриод уйланхай:
Өндгөвчийн эндометроид уйланхай нь хэвийн үед зөвхөн умайд байх ёстой умайн салстын эд өндгөвчинд байрласнаас үүсдэг. Энэ нь умайн салсттай адил сар бүр ховхорч цус гарах ба өндгөвчинд цус хуралдаж өтгөн хүрэн, шоколад шиг агууламжтай уйланхай үүсгэнэ. Ингэснээр сарын тэмдгийн мөчлөг бүрт томордог ба хоруу явцтай маш их наалдац үүсгэдэг. Дааврын хямрал, дархлаа тогтолцооны хэвийн бус байдлаас үүсдэг нөхөн үржихүйн эрхтний эндометриоз өвчний хамгийн элбэг тохиолдох хэлбэр юм. Нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн дунд 7-10 % , үргүйдэлтэй эмэгтэйчүүдийн 50 % , өндгөвчийн уйланхайт үүсгэвэр гэж оношлогдон мэс засал хийлгэсэн эмэгтэйчүүдийн 11.3 % – д тохиолдоно. Өндгөвчний эндометройд уйланхай дугуй хэлбэртэй 0.6-10 см хэмжээтэй, зузаан ханатай, цусархаг шоколад төст агууламжтай байна.
Шинж тэмдэг:
Өвдөлт нь байнга, эсвэл биеийн юм ирэхийн өмнө, ирэх үед өвдөлт ихэснэ. Ууц нуруу, шулуун гэдэс рүү дамжиж өвдөнө.
Өндгөвчийн эндометриод уйланхайн үед бага аарцгийн хөндийд наалдацын процесс дагалддаг учраас өвдөлт ихтэй байх ба гэдэс болон давсагны үйл ажиллагаанд нөлөөлж өтгөн хатах, олон дахин шээх шинж элбэг тохиолддог.
Сарын тэмдгийн өмнө хойно бага зэргийн цусархаг ялгадас үргэлжлэн гарна.
Өндгөвчийн кистома:
Өндгөвчийн хавдруудын дотор 14.7 % эзэлнэ. Харьцангүй элбэг тохиолдоно. Ихэвчлэн 21-60 насанд тохиолдоно. Хэмжээгээр том 15-30 см заримдаа 50 см хүрдэг. Зууван дугүй хэлбэртэй ихэвчлэн тунгалаг шингэн агуулсан байна. Голдуу нэг талынх байна. Шинж тэмдэг:
• Хэвлий томрох
• Хэвлийн доод хэсгийн өвдөлт
Өндгөвчийн дермоид уйланхай:
Үр хөврөлийн дайвар эдүүд (үс, шүд, хумс, өөхөн эд) болон өтгөн наалдамхай шингэн агуулсан зузаан ханатай үүсгэвэр юм. Зарим нь хэмжээгээрээ томорч гүйцэд тээсэн жирэмсний хэртэй болтлоо томордог.
Эмнэлзүйн шинж тэмдэг
1. Хэвлийн доод хэсгээр өвдөх, шээс ойр ойр хүрэх, шээх үед өвдөх, бэлгийн харьцаа болон биеийн хүчний ажлын үед өвдөх
2. Сарын тэмдэг алдагдах
3. Хэвлий томрох
Хүндрэл:
1. Уйланхай хөл дээрээ мушгирах
2. Бүрхүүл хагарах
3. Хэвлийн хөндийн наалдац
4. Үргүйдэл
ОНОШИЛГОО:
1. Эмэгтэйчүүдийн үзлэг
2. Үтрээний Эхо
3. Компьютер томография
4. Лапароскопия-дурангаар оношлох
5. Цусанд СА-125өндгөвчний хавдрын маркер үзэх
6. Цусны ерөнхий шинжилгээ
ЭМЧИЛГЭЭ:
1. Өндгөвчийн үйл ажиллагааны уйланхайн 1-3 мөчлөгт аяндаа шимэгдэх тул мэс заслын эмчилгээ шаардлагагүй.
2. Эмийн эмчилгээ: Үрэвслийн эсрэг, даавар эмчилгээ
3. Физик эмчилгээ
4. Мэс засал эмчилгээ:
• Дермоид уйланхай
• Эндометроид уйланхай
• Уйланхай хөл дээрээ мушгирах, хагарах
• Эмийн эмчилгээнд үр дүнгүй үед мэс засал эмчилгээ хийнэ.
Юнимед Интернейшнл Эмнэлэг
Эмэгтэйчүүдийн тасаг: 7718-0000
Хаяг: 3,4 хороололд Эх Нялхсын Баруун урд, Билэг их дэлгүүрийн замын эсрэг талд байрлана
No Comments