Дотрын эмчийн зөвлөгөө

Нойр булчирхайн архаг үрэвслийн тухай

December 28, 2016

Нойр булчирхайн архаг үрэвслийн тухай ярихаасаа өмнө эхлээд нойр булчирхайн эрхтний бүтэц үйл ажиллагаатай танилцах нь зүйтэй болов уу.
Нойр булчирхай нь хэвлийн хөндийд ходоодны ард байрладаг дунджаар 15 см хэмжээтэй холимог шүүрэл бүхий амин чухал эрхтнүүдийн нэг юм. Холимог шүүрэл гэдэг нь гадаад болон дотоод шүүрлийн үүрэг гүйцэтгэдийг хэлж байгаа юм.
Гадаад шүүрэл гэдэг нь хоол боловсруулах үүрэгтэй шүүрэл буюу уураг, нүүрс ус, өөх тосыг задалдаг ферментүүдийг нарийн гэдэс рүү ялгаруулдаг байна.
Харин дотоод шүүрэл гэдэг нь цусанд даавар ялгаруулж сахарын хэмжээг зохицуулдаг юм.
Тэгэхээр нойр булчирхайн үүрэг алдагсанаар хоол боловсруулалт хямрах, чихрийн шижин өвчин үүсэх эрсдэлтэй байдаг.
Нойр булчирхайн архаг үрэвсэл гэдэг нь түүний гадаад шүүрлийн үйл ажиллагаа алдагдаж, улмаар хоол боловсруулалт хямрах эмгэг үүсэхийг хэлж байгаа юм.
Нойр булчирхайн архаг үрэвсэлтэй бол танд ямар шинж тэмдэг илэрч болох вэ?
1. Өвдөлт илрэнэ. Өвдөлт нь ихэвчлэн аюулхайгаас зүүн хавирганы нум руу чиглэсэн, зүүн тал руу шилжиж болно, мөн өвдөлт бүсэлхийлсэн, ороосон маягаар өвдөж болно. Өвдөлт хурц, амтлагч ихтэй, шарсан, тос ихтэй хоол идсэний дараагаар нэмэгддэг
2. Хоол боловсруулах үйл ажиллагаа хямрана
a. Гэдэс дүүрэх
b. Их хэмжээгээр унгуулах, хэхрэх
c. Хоол идсэний дараа ходоод, аюулхай дээр цанхаах, хүнд оргих
d. Дотор муухай оргих, огих, бөөлжих
e. Өтгөн хатах, эсвэл гүйлгэх /гүйлгэлт ихэвчлэн өдөрт 3-4 удаа, шингэвтэр, зунгааралдсан, ялзарсан, исэглэн үнэртэй байдаг/
f. Өвчин даамжирхад турах, хоолны дуршил алдагдах, бодисын солилцоо алдагдаж эхэлдэг. Улмаар шим тэжээлийн дутагдалд орж бусад эрхтэн тогтолцоонд нөлөөлж эхэлдэг /тухайлбал, харшламтгай болох, биеэр юм туурах, арьс хуурайших, үс, хумс хугарах, цус багадалт гэх мэт/
Ямар шинжилгээ хийлгэх вэ?
1. Цусны биохимийн шинжилгээ /липаза, амилаза, сахар/
2. Дотор эрхтний хэт авиан шинжилгээ /өлөн үед хийлгэнэ/
3. Шаардлагатай тохиолдолд эмчийн заавраар нэмэлт шинжилгээ бүрдүүлдэг
Эмчилгээний ерөнхий зарчим
1. Хоолны дэглэм
2. Эмийн эмчилгээ
a. Өвдөлт намдаах
b. Шүүрлийн үйл ажиллагааг зохицуулах
c. Фермент эмчилгээ
d. Хордлого тайлах
e. Бусад эмчилгээ
Ямар эмчид хандах вэ?
1. Дотрын эмч
2. Хоол боловсруулах эрхтний эмч
3. Мөн хоол зүйч эмчээс хооллолтын зөвлөгөө авна

Мэдээллийг бэлтгэсэн: Юнимед Интернейшнл Эмнэлгийн дотор, зүрх судасны их эмч О.Сарнай

You Might Also Like

No Comments

Leave a Reply