Мухар олгой нь мухар гэдэсний ёроолоос гарсан хөндийт дайвар эрхтэн юм.
Мухар олгой үрэвсэх шалтгааныг тайлбарласан хэд хэдэн онол байдаг. Яг ямар шалтгаанаар мухар олгойн үрэвсэл үүссэн болохыг тогтоох боломж бага байдаг.
• Баасан агууламж зогсонгоших онол: Мухар олгойн агших үйл ажиллагаа өөрчлөгдөхөд түүний хуниасны нүхээр гарах агууламж нь саатаж нян хуримтлагдан бөөгнөрч үрэвсэл үүснэ.
• Хаалттай хөндийн онол: Мухар олгойн уг орчмийн хэсэгт наалдац, сорвижил, нугарал үүсч, түгжигдмэл байдалд оруулж үрэвсэл үүснэ. /1898 Dieulafoy/
• Гадны биет орох онол: Гадны биет, ялзралын бодисууд бөөгнөрөлөөс үрэвсэл үүсгэнэ. /1920 Rheindorf/
• Судас-мэдрэлийн онол: Тэнэгч үйл алдагдснаар мухар олгойн судас хүчтэй агшиж, цусан хангамжийн алдагдал үүссэнээс мухар олгойн хананд анхдагч үхжлийн голомт үүсч улмаар үрэвслийн явц даамжран бүтцийн эвдрэлт үрэвсэл болно. / 1928 Ricker/
• Цусан халдварын онол: Биед орших эмгэг голомтоос цусаар дамжин олгой үрэвсэнэ. /1913 Kretz/ гм маш олон байх боловч төдийлэн бүрэн төгс тайлбарлаж чадаагүй ч орчин үед дээрхи онолуудыг суури болгон ашиглаж байна.
Шинж тэмдэг:
1. Өвчин гэнэт эхэлнэ.
2. Эхлэж илрэх шинж тэмдэг нь өвдөлт юм. Аюулхайн орчим дотор муухайрч байгаа мэт өвддөг.
3. 2-3 цагийн дараа өвдөлтийн байрлал өөрчлөгдөж хэвлийн баруун доод талд мухар олгойн байрлах цэг рүү шилжинэ.
4. Халууралт
5. Огиулж бөөлжүүлэх (1-2 удаа)
6. Суулгалт (1-2 удаа)
7. Ямар байрлалтайгаас шалтгаалан ойролцоох эрхтэнээ цочроосноор суулгалтын тоо ихсэх, циститийн шинж, умай базалж өвдөх гэх мэт шинжүүд илэрч болно. Гэхдээ хүн бүрт дээрх шинжүүд бүгд илрэхгүй боловч мухар олгойн үрэвсэл байж болзошгүй гэсэн таамаг төрүүлэх зовиурууд илэрдэг бөгөөд бусад үрэвсэлт өвчнүүдээс яаралтай ялган оношлох шаардлагатай байдаг.
Онош тогтооход:
Лабораторийн шинжилгээ: Цусны дэлгэрэнгүй шинжилгээ авч үрэвслийн зэргийг тогтоох шаардлагатай.
Багажийн шинжилгээ:
• Эхо
• CT
• MRI
Эмчилгээ:
• Яаралтай болон төлөвлөгөөт мэс заслаар эмчлэгдэнэ.
• Мэс заслын эмчилгээ нь:
1. Нээлттэй мэс засал аргаар жижиг зүслэг хийж үрэвссэн мухар олгойг авах эмчилгээг хийдэг.
2. Сүүлийн үед дурангийн мэс заслаар мухар олгойг авах эмчилгээг хийх болсон. Энэ нь нээлттэй хагалгаатай харьцуулахад богино хугацаанд хийгдэх төдийгүй шархны эдгэрэлт хурдан, өвчтөнд зовиур багатай, эмнэлэгт ердөө 2-3 хоног хэвтэж эмчлүүлдэг зэрэг олон давуу талтай байдаг.
No Comments